Wednesday, August 18, 2010

Та 1 сая доллар хожлоо буюу гар утсан дээрх “Nigerian scam”


Таны эсвэл таны найз нөхдийн утсан дээр “...1 сая доллар хожлоо...” энэ тэр гэсэн мессеж ирсэн байх. Ирсэн бол заавал яагаад надад тэр тусмаа миний утсан дээр мессеж ирээд байна гэж гайхах төдийгүй магадгүй хонгилын үзүүрт гэрэл харагдахаар итгэл төрнө. Энэ тун аюултай бөгөөд энэ нь и-мэйлээр дэлхий дахинаа тархсан “Nigerian scam” –ийн л нэг хэлбэр гэдгийг анхаараарай. Эдийн засагч Д. Жаргалсайхан Нигерийн нухаш гэж орчуулжээ.  Ингээд миний утсанд ирсэн 1 мессежийг доор үзүүлье: 
From: +22380351122
Your mobile # has won you $1 Million in Virgin mobile to claim. E-mail your name and mobile to virginmobile to virginmobile@gsmcell.org call +447519243847
(+223 –аар эхэлсэн дугаар бол Мали улсын операторын дугаар бөгөөд энэ улсаас мессеж нь ирсэн байх. Харин +44 гэдэг дугаар бол Их британий дугаар ба зориуд итгэл үнэмшил төрүүлэх үүднээс ийм дугаар сонгосон байна. Гэхдээ Их британид доллар биш паунд хэрэглэгддэг баймаар юм хэхэ. Харин и-мэйлийн хувьд ямар ч и-мэйл хаяг хэн ч үүсгэх боломжтой бөгөөд http://www.gsmcell.org дээр ямар нэгэн компани хувь хүний вэб одоогоор байхгүй байна)
Энэ scam мессеж зөвхөн Монголд ч яваад байгаа юм биш.  http://whocallsme.com/Phone-Number.aspx/22380351122 
Зарим Нигерийн нухашийн жишээг дараах блогоос орж үзэж болно. http://gariell.wordpress.com/
Мобикомын хувьд (бусад операторын хувьд бас адил байх гэж найдаж байна) олон улсын мессежийн үйлчилгээ (iSMS) чөлөөтэй дамждаг. Энэ утгаараа  гадаадаас ирэх мессежүүд ямар ч саад тотгоргүй орж ирж байгаа. Нөгөө талаар үүрэн холбооны сүлжээ хооронд дамжиж буй роуминг болон олон улсын мессежийн тариф буурч байгаа учраас иймэрхүү төрлийн луйвар хийхэд ашигтай байгаа тул уг тариф ямар ч нөлөө болохгүй байгаа бололтой. Интернэтийн орчинд нийт и-мэйлийн 90% нь spam байдаг бол мессежийн хувьд 10 орчим хувь байгаа юм байна.
Бас нэг анхаарах зүйл бол дээрх дугаарууд нь өндөр өртөгтэй тусгай дугаарууд байж болох бөгөөд энэ тохиолдолд гар утасны төлбөр маш өндөр гарах магадлал байдаг. Гэхдээ тусгай дугаарууд ихэвчлэн тухайн улсаа хамардаг тул яг дээрх тохиолдолд бол биш гэж бодож байна.

Нигерийн нухаш гэж юу болохыг эдийн засагч, нийтлэлч Д. Жаргалсайханы блогоос авч сийрүүлэн тавьлаа.
Мөн нийтлэлч, дипломатч, олон улс судлаач Д. Баярхүүгийн "Хулхидуулж хашрахгүй монголчууд африкт" нийтлэлийг http://bayarkhuu.niitlelch.mn/content/2492.shtml хаягаар орж үзнэ үү
Нигерийн нухаш
Саяхан нэг найз маань "Маш баяртай мэдээ байна. Яаралтай уулзъя" хэмээн утасдлаа. Уулзтал "Би их азтай хүн юм аа. Надад мөнгө хэрэгтэй байгааг бурхан мэдээд харж үзлээ" гэж бараг нэг амьсгаагаар дуржигнуулав. Учрыг лавлавал түүнд Англиас, нэгэн том баяны банкны дансыг хариуцдаг хүнээс и-мэйл иржээ.

Баян харилцагч нас барж, түүний дансанд үлдсэн 50.0 сая паундыг өвлөх хүн байхгүй учир гадаад оронд гаргахын тулд манай найзыг сонгосон гэнэ. Банкны менежер тэр мөнгийг дамжуулсны төлөө 2-3 хувийн шагнал авах юм гэнэ. Манай найз тэр их хөрөнгийг хүлээн авахын тулд өөрийн нэр, хаяг, паспортын мэдээлэл, банкны дансаа явуулахад л болох юм байх.


Би түүнд хэдэн жилийн өмнө банкинд ажиллаж байхдаа танилынхаа хүсэлтээр нэгэн залуу бүсгүй, дөрвөн эрэгтэйтэй уулзсан тухайгаа ярьж өгөв. Англи хэлээр бага зэрэг ойлгодог тэр бүсгүй өөрийн ахын болон бусад гурван хүний нийт 60.000 долларыг гадаадад шилжүүлчихсэн байсан бөгөөд хэрэв ахиад 200.000-ыг шилжүүлчихвэл 10.0 сая долларын өв залгамжлах гэж байгаагаа надад хэллээ.

Хуульч хөлслөхөд шаардлагатай байгаа энэ мөнгийг банк зээлдүүлбэл өвлөж авах мөнгөө авмагц тав дахин өсгөж өгнө гэнэ ээ. Тэр хүмүүсийн дотор манай улсын нэр алдартай нэгэн нөхөр байсан тул их л үнэмшилтэй харагдаж байлаа.

Тэр мөнгийг хаашаа шилжүүлэх гэж байгааг нь асуутал Буркино Фасо гэдэг Африкийн орон гэнэ. Учрыг асууж лавлаад, харилцсан бичиг цаасыг нь үзсэн чинь и-мэйл хавсаргасан хэдэн хуудас л байлаа. Англид ажилладаг найз охин нь анх энэ талаарх и-мэйлийг бүсгүйд ирүүлсэн гэнэ. Ийм том хөрөнгө өвлөх гэнэтийн аз ганцхан түүнд тохиосныг тэр толь бичгийн тусламжтайгаар орчуулан ойлгосноос хойш маш нууцаар ажиллаж, тэдэнтэй холбогдсоор жил орчим болж байгаа бөгөөд надтай уулзахаар ирсэн бүх хүн бүрэн итгэчихсэн, хүн бүр хадгалсан хэдээ өгөөд явуулчихсан, одоо зөвхөн орж ирэхийг нь хүлээж байгаа гэдэг юм байна.

Би тэр дор нь Буркино Фасо руу утсаар залгатал нэг хүн авч байна. Тэр манай бүсгүйг мэдэж байна аа. Би Монгол дахь банкнаас нь ярьж байна гэлээ. Тэр миний тавьсан асуулт бүрт их бодож, удаж түгдэрч хариулж байв. Би түүнд 'Таны ажлын болон гэрийн хаягийг чинь авч байж үлдсэн мөнгийг шилжүүлнэ. Урьдын адил хаяггүй, нууц кодоор шилжүүлэхгүй. Та хаягаа хэлээч" гэсэн чинь баахан удаж байснаа утсаа тасалж орхив. Ахин хэд ч залгаад авсангүй.

Би өнөө хүмүүстээ хандаж, "Тэдэнд мөнгө нэмж явуулж болохгүй. Урьд нь илгээсэн мөнгөө ч та нар олж авч чадахгүй. Ийм луйвар интернэтээр үргэлж явагддаг" гэдгийг сануулаад
харилцсан бичиг цаасан дээр нь байгаа алдаа зөрөөг хэлж өгснөөр тэд учрыг сая ойлгож, бухимдан уурлацгааж, хууртсанаа мэдээд тун хэцүү байдалтай гарч одож билээ.

Хэдхэн сарын өмнө төр, засагт өндөр албан тушаал хашдаг, бас гадаадад олон жил ажилласан, хэлтэй, туршлагатай найзаас минь и-мэйл ирснийг уншвал Парисын нэгэн метроны хавьд түүний хамаг бичиг баримт, мөнгөтэй цүнхийг нь хулгайлсан тул маш яаралтай хэдэн доллар шилжүүлж туслахыг гуйсан байлаа. Уржигдархан энд нутагтаа байсан, ийш тийш явах тухай яриагүй нөхөр маань яагаад Парист оччихдог билээ гэж бодоод гар утас руу нь залгав.

Гэтэл тэр "Харин тийм ээ, над руу найз нөхөд гадаад, дотоодоос яриад хачин юм болж байна" гэлээ. Учрыг асуувал "Yahoo хаягаар харилцагчийн тоо хэт олширсноос сүлжээ ачааллаа даахгүй боллоо. Тиймээс харилцагч бүртэйгээ холбогдож, ашиглагдахгүй байгаа хаягийг хасаж байгаа тул шуудангийн нэр, нууц үгээ яаралтай явуулна уу" гэсэн мэйл түүнд ирсний дагуу хүсэлтийг нь биелүүлжээ. Уг нь сайн харсан бол ялгаж болохоор өөр хаягнаас ирснийг тэр анзаараагүй аж. Ингэснээр тэр дахин хэзээ ч өөрийн шуудан руугаа орж чадаагүй бөгөөд түүний найз нар одоо болтол түүнд явуулсан мөнгө хэрэг болсон эсэхийг асуусаар байдаг гэсэн.

Дээрх бүх тохиолдлыг spam (нухаш), эсвэл spam (луйвар) гэдэг бөгөөд анх 1992 онд Нигерээс гарсан учир дэлхий дахинаа "Нигерийн нухаш" гэгддэг, олон хүний эд хөрөнгө, амь насанд хүрсэн интернэтийн луйвар юм. Маш их ашиг гэнэт олохыг амласан, түрүүлж төлбөр хийлгэх зорилготойгоор олон хүн рүү нэг зэрэг явуулдаг и-мэйлд хэн нэгэн гэнэн хүн заавал хууртагддаг аж.

Эхлээд голдуу аль нэг орны баян дарангуйлагч нас барсны, эсвэл алагдсаны дараа өөрийн орноосоо зугтаалган гадаадад байршуулсан мөнгийг нь өвлүүлэх тухай, эсвэл түүний бэлэвсэн эхнэр баялгаа чимээгүйхэн хуваалцах талаар бичдэг байсан. Харин сүүлийн үед аль нэг том орны том банкны ажилтан өөрийн баян харилцагч, голдуу үр хүүхэдгүй нэгэн нас барж, тэр хөрөнгийг нь бас л гадаадын аль нэг орны иргэнд өвлүүлэх, түүний тулд бяцхан мөнгө төлөөд л болчих тухай бичих болсон.

Надад бол ийм захиа өдөр бүр ирдэг. Түүнийг уншихгүй шууд устгадаг. Yahoo дээр өөрт нь "нухаш" гэсэн хогийн сав байдаг шүү дээ.

Энэхүү луйврын системийг мэддэггүй хүмүүс манайд олон бөгөөд зарим нь интернэтийн луйврын дэгээнд орж хөрөнгө мөнгө, цагаараа хохирч байгаа учир энэхүү захиаг уншигчдадаа хүргэж байгаа юм.

Эдийн засагч,
Монголчууд шударга татвар, ухаалаг зардлын төлөө ТББ - ын Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

http://
djargal.blog.banjig.net / /Монгол хэлээр/

http://
www.djargal.blogspot.com / /Англи хэлээр/
2009 оны 11-р сарын 25

No comments:

Post a Comment