Wednesday, January 12, 2011

"Хөдөлгөөнт холбоо" номын тухай

Миний ажил мэргэжил, хоббитой холбоотой анхны уран бүтээл болох энэхүү номыг уншигчдын гар дээр тавиад удаагүй байна. Зарим найз нөхдийн зүгээс сурталчилгаа муу байна гэсэн шүүмжлэл ирж байгаа тул бага зэрэг сурталчлахаар шийдлээ. Гэхдээ олон нийтэд хүрэхээр сүртэй сурталчлах нь юу юм өөрийнхөө боломжоор уншигчдад, сонирхогчдод аль болох өгөөжтэй байх арга замыг эрж хайж байна.

"Хөдөлгөөнт холбоо" номыг Интерном, Мир, УИХ дэлгүүр зэрэг номын дэлгүүрүүдэд борлуулахаар тавьсан байгаа ба мөн электрон хувилбараар эндээс татаж авч болно.

Номын болон миний тухай ерөнхий танилцуулга-ыг эндээс мөн тэндээс үзэх боломжтой.

Номын агуулгыг эндээс  татаж үзнэ үү:

За тэгээд аль болох та бүхэнд өгөөжтэй байлгана гэж амласны дагуу номонд буй зарим агуулгыг цувралаар блог дээрээ байрлуулж эхэлж байна. Mobile communications гэдэг ангилалд номтой холбоотой мэдээллүүдийг оруулах болно.

Та бүхнээс номтой холбоотой болон блогийн мэдээллүүдтэй хамаатай өөрийн санаа бодлыг блогт сэтгэгдэл үлдээх эсвэл твиттер хаягаар чөлөөтэй илэрхийлэхийг хичээнгүйлэн хүсье.

Эхний бүлэг: 

1. Хөдөлгөөнт холбоо буюу “Mobile communications”

Бид “үүрэн” холбооны анхдагч оператор”, ”үүрэн холбооны үйлчилгээ” гэх зэргээр ярьдаг, эдгээр үгс бидний өдөр тутмын амьдралд ихээр хэрэглэгдэх болсон. Яах аргагүй “гар утасны үйлчилгээ” нь үүрэн холбоон дээр суурилан явагддаг. Гэхдээ “үүрэн” гэдэг нь олон жижиг радио бааз станцуудыг үүр болгон сүлжээ байдлаар ашиглаж байгаа хэлбэр юм. Өөрөөр хэлбэл цэвэр техникийн ойлголт. “Үүрэн сүлжээ” гэдэг ойлголтоор авч үзвэл илүү дөхөмтэй ч байж магадгүй. Ер нь арай өргөн хүрээнд “mobile communications” гэдэг агуулгаар ярих нь зүйтэй гэж үзээд номын бүх хэсгүүдэд “үүрэн” буюу “cellular” гэдэг агуулгаар бус, “mobile communications” гэдгээр олон талаас нь тайлбарлахаар оролдсон болно.

Гэвч хамгийн эхний асуудал нь “mobile” гэдэг үгийг орчуулах явдал байлаа. “Мobile” гэдэг үг нь шууд утгаараа “гар утас” гэж шууд буухаар тийм их хэрэглээтэй болсон тул дэлхий нийтээр заавал “mobile phone” гэхгүйгээр шууд л “mobile” гэж хэлэхэд гар утасны тухай ярьж байна гэж ойлгогддог болжээ.

“Mobile” гэдэг үгийг толь бичигт “хөдөлгөөнт” гэж орчуулсан байгаа бөгөөд “хөдөлгөөнт холбоо” гэж орчуулахад огт буруудах зүйлгүй гэж бодож байна. Магадгүй “mobile communications” гэдгийг хөдөлгөөнт холбоо гэж орчуулсан юм чинь “mobile phone” гэдгийг “хөдөлгөөнт утас” гэж орчуулах нь зүйтэй гэсэн санаа гарч болно. Нэгэнт “гар утас” гэдэг нь нийтэд шууд бүрэн ойлгогдох тул дээрх байдлаар “хөдөлгөөнт утас“ гэж туйлшрах шаардлагагүй болов уу. Иймд цаашид “mobile phone” гэдгийг “гар утас” гэж орчуулж, хэрэглэх нь зөв болов уу.
Германы эрдэмтэн, судлаач Jochen Schiller Хөдөлгөөнт холбоо (Mobile Communications) нь гурван талтайгаар авч үзэж, дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

- Хэрэглэгчийн хөдөлгөөнт байдал (user mobility): “хэзээ ч, хаана ч, хэнтэй ч” холбогдох боломж,
- Төхөөрөмжийн авсаар байдал (device portability): төхөөрөмж нь “авсаархан бөгөөд зөөвөрлөгдөх боломжтой” сүлжээнд холбогдох боломж,
- Утасгүй холбогдох (wireless connectivity): төхөөрөмж нь””хаанаас ч” утасгүй технологиор холбогдох боломж.

Зөвхөн нэг нэр томьёог тайлбарлахын тулд нэлээдгүй хугацаа шаардлагатай болох тул номын дараагийн бүлгүүдээс ойлголтуудыг авсны дараа өөр өөрийн дүгнэлтийг хийх нь зүйтэй. Миний хувьд аль болох монгол хэл рүү буулгах, нутагшуулах оролдлого хийж байгаа боловч үнэндээ зарим тал дээр мөхөсдөж шууд англиар нь ашигласан гэдгээ хүлээх хэрэгтэй байх.

2.1 Mobile ба Wireless хоёрын ялгаа

Монгол улсад анх 1990-ээд онд десктоп буюу ширээний компьютер орж ирсэн. Харин 1995-1996 оноос интернэт, гар утас хэрэглээ болж эхэлсэн билээ. Анх компьютер, гар утас нэвтрэхэд бид тэдгээрийг яаж ажилладаг, ямар ирээдүйтэй байгаа талаар олон таамаглал тавьж байсан хэдий ч амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлөх тухай тэр бүр мэдэхгүй байсан.

Өнөө үед гар утас, компьютерийг сүлжээгүйгээр төсөөлөхөд бэрх болжээ. Учир нь интернэт сүлжээ болон түүгээр дамжиж буй мэдээлэл нь ажил, амьдралын салшгүй хэсэг нэгэнт болжээ. Компьютер нь суурин байдлаар ашиглагддаг, сүлжээнд болон эрчим хүчинд холбогдсон гэдэг утгаар нь суурин буюу утастай (fixed, wired) харин гар утас нь хөдөлгөөнт (mobile), утасгүй (wireless), авсаархан (portable) гэдэг агуулгаараа зарчмын хувьд хэрэглээний нэлээд хэдэн ялгааг дотроо агуулж байна.

Гар утас нь хөдөлгөөнт холбооны сонгодог хэрэглээ болсон нь хэнд ч илэрхий. Гэхдээ л “mobile”, ”wireless” гэдэг хоёр ойлголтыг хольж хутган зөв ойлгох тал дутмаг байгаа. Миний хувьд ч гэсэн “wireless” гэдгийг шууд утгаар нь утасгүй гэж орчуулж хэрэглэхийг төвдсөнгүй. Хэрэглээний үүднээс үүнийг ялгаа, заагийг тодруулж хэрэглэх шаардлага зүй ёсоор гарч байна. Иймд Германы эрдэмтэн, судлаач Jochen Schiller-ийн mobile-ийг хэрэглэгч дээр, wireless-ийг төхөөрөмж дээр хэрэглэх санааг өөрийн ном зохиолдоо дэвшүүлснийг бүрэн дэмжиж байна.
Гар утас нь wireless буюу утасгүй холбогдох боломжтой төхөөрөмж юм. Гар утас нь өөрөө хөдлөөд яваад байдаггүй учраас түүнийг хөдөлгөөнтэй гэж хэлвэл инээдтэй хэрэг болно. Өөрөөр хэлбэл гар утсыг wireless төхөөрөмж, гар утас ашиглаж байгаа хүнийг, эсвэл автомат төхөөрөмжийг мобайл буюу хөдөлгөөнт хэрэглэгч гэж хэрэглэвэл арай оновчтой. Хөдөлгөөнт хэрэглэгч бүрийг гар утас хэрэглэгч гэж үзэх нь өнөөгийн нөхцөлд тэр бүр тохирохгүй. Учир нь үүрэн сүлжээнд ажилладаг телематик буюу зайнаас удирдагддаг, зайнаас хэмжилт хийдэг төхөөрөмжүүд өргөнөөр ашиглагдаж байна.

Wireless communications гэдэг агуулгаар авч үзвэл гар утас гэдэг ойлголтоос гадна GPS байрлал тогтоох төхөөрөмж, сүүлийн үед зах зээлд эрчимтэй нэвтэрч байгаа цахим ном уншигч (e-reader) зэрэг утасгүй сүлжээнд холбогдох дурын төхөөрөмж, хэрэглэгчдийн тухай ярих шаардлагатай болж байна. “Wireless” ба “Mobile” хоёрын аль аль нь хөдөлгөөнт холбооны тухай нэг л ойлголт ба энэ номын хувьд “Mobile” талаас нь илүү дэлгэрүүлж авч үзсэн болно.
Ямартаа ч технологи, үйлчилгээнүүд асар хурдацтай хөгжиж байгаа өнөө үед бид ядаж нэр томьёоны ойлголтоо цэгцэлж явбал суурь ойлголтуудаа зөв ойлгох, ойлголцох, улмаар хөгжүүлэх боломжтой билээ.

2.2 Mobile phone ба Cellular phone

Интернэтээс мэдээлэл хайх явцад “mobile phone”, “cell (cellular) phone” гэсэн нэр томьёонууд хэрэглэгддэгийг та анзаарсан байх. Энэ 2 ойлголт нь цаанаа гар утас хэмээх нэг л зүйлийг хэлж байгаа бөгөөд АНУ-д л зөвхөн “cell phone” гэсэн нэр томьёог түлхүү хэрэглэдэг бөгөөд ихэнх оронд “mobile phone” гэдэг нэршил илүү түгээмэл болж байна.
Түүнчлэн “handset” гэдэг нэр томьёо хэрэглэгддэг ба энэ нь мэргэжлийн хэллэгээр “гар утас”-ыг тодорхойлж байгаа гэж ойлгож болно. Гэхдээ handset нь суурин телефон утасны оросоор “трубка” буюу ярьдаг микрофон, чихэвчтэй хэсгийг нэрлэдэг байсан бөгөөд телефон аппараттайгаа утсаар холбогддог. Гар утасны хувьд телефон аппарат болон яригчийг тусад нь салгаж ойлгох боломжгүй нэгдсэн цул ойлголт тул өнөө үед гар утсыг ийнхүү нэрлэх нь түгээмэл болсон. Эндээс “mobile phone”, “cellular phone”, “cell phone”, “handset” нь бүгд “гар утас” гэсэн нэг л ойлголт гэдгийг бататгалаа.

2.3 Хөдөлгөөнт холбоо ба амьдралын хэв маяг

Хөгжингүй ихэнх улс орнуудад гар утасны хэрэглээ 2008 оны байдлаар хүн амын 60 хувиаc давсан үзүүлэлттэй байсан. Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллагаас гаргасан 2008 оны статистик мэдээгээр Арабын Нэгдсэн Эмират улсын 100 хүнд 208 гар утас ногдож байна. Энэ нь нэг хүн хамгийн багадаа хоёр гар утастай гэсэн үг. 100 хүнд ногдох гар утасны тоогоор дараах 5 улс тэргүүлж байна. Үүнд:
  1. Арабын нэгдсэн Эмират улс 208.65
  2. Эстони 188.20
  3. Бахрейн 185.77
  4. Макао, БНХАУ 177.24
  5. Хонконг, БНХАУ 165.85

Хүснэгт 1-1. 100 хүнд ногдох гар утасны хэрэглэгчийн тоогоор тэргүүлж буй улсууд
Эх сурвалж: www.itu.int

Хөгжиж буй орнуудад зах зээлийн хүрээ асар хурдацтай өргөжиж байна. БНХАУ гэхэд 2010 оны 3 дугаар сарын байдлаар 780 сая гар утас хэрэглэгчтэй буюу 3 хүн тутмын 2 нь гар утас хэрэглэж байна. 2010 оны 7 дугаар сарын байдлаар 5 тэрбум гар утас хэрэглэгчтэй (бүртгэлтэй) болсон ба энэ нь интернэт хэрэглэгчдийн тооноос (2009 оны эцсийн байдлаар5 - 1,802,330,457) даруй 2.8 дахин их байгаа юм. 3G технологийн стратеги судлаач Томи Ахонэн өөрийн илтгэлдээ 2009 онд 4,6 тэрбум мобайл хэрэглэгч (subscription буюу хэрэглэгчийн бүртгэл) байсан бөгөөд энэ нь 3.9 тэрбум гар утас, 3.4 тэрбум ялгаатай хэрэглэгч (unique буюу давхардаагүй) юм гэсэн дүгнэлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл, бүртгэл гэдэг нь хүн гэсэн үг биш гэдгийг ойлгох хэрэгтэй юм.

Мобайл хэрэглэгчийн тоо 5 тэрбум (2010 оны 7-р сар, Wireless Intelligence)

Эхлээд гар утас гэж ярьж явснаа гэнэт мобайл хэрэглэгч гээд ярихаар та гайхаж магад. Яах ч аргагүй өнөөдрийн хувьд хамгийн том мобайл хэрэглэгч бол гар утас хэрэглэгч. Гэхдээ мобайл хэрэглэгч бүр гар утас хэрэглэгч биш.

Эрикссон компани 2020 он гэхэд 50 тэрбум төхөөрөмж хөдөлгөөнт холбоогоор холбогдоно гэсэн таамаглалыг дэвшүүлж байна. 2009 оны байдлаар Шведэд үүрэн сүлжээнд холбогдсон нийт төхөөрөмжийн 17.4 хувь нь M2M (machine to machine) буюу гар утас хэрэглэдэг хүн биш зүгээр л автомат төхөөрөмжүүд байсан байна. Жишээлбэл, цахилгааны тоолуурын нэлээдгүй хувь нь GSM сүлжээнд холбогдсон мэдээ бий. АНУ-д хөдөлгөөнт холбоонд суурилсан төхөөрөмжийн эзлэх хувийн жин 4.3 хувь, Европт дунджаар 2.4 хувьтай байгаа ба энэ үзүүлэлт ойрын үед эрс нэмэгдэнэ хэмээн шинжээчид үзэж байна.

Иймд гар утас хэрэглэгч, мобайл хэрэглэгч гэсэн 2 нэр томьёог зэрэг ашиглаж явах бөгөөд амьдралд ойр буюу хэрэглээг нь тайлбарлах ойртуулах зорилгоор гар утас хэрэглэгч гэж ярьж байгааг ойлгохыг хүсье.

Цаашид гар утас (мобайл) хэрэглэгч нь интернэт хэрэглэгчийн тооноос их байх төлөвтэй байна. Интернэт хэрэглэгчдийн тоо гар утасны хэрэглэгчдийн тоог хэзээ гүйцэх нь гар утсаараа интернэтэд холбогддог (мобайл интернэт) хэрэглэгчдийн тоо нэлээд хэмжээгээр нэмэгдсэн үед боломжтой. Морган Стэнлийн 2009 оны 12 дугаар сард гаргасан Мобайл интернэтийн тайлан-д мобайл интернэтийн хэрэглэгчдийн тоо компьютерээр дамжин орж байгаа хэрэглэгчдийн тоог 5 жилийн дотор гүйцэж түрүүлнэ гэсэн тооцоо байдаг.

Мобайл интернэтийн хэрэглэгчийн тоо, уламжлалт интернэтийн хэрэглэгчийн тоог 5 жилийн дотор гүйцнэ (Морган Стэнли, 2009 оны 12-р сар)

Эрикссон компани 2013 он гэхэд нийт мобайл хэрэглэгчийн 80 хувь нь интернэтэд холбогдоно гэсэн урьдчилсан тооцоо хийжээ. Мөн тус компани 2010 оны 4 дүгээр сард мобайл интернэтийн ачаалал (трафик), ярианы ачааллаас давж гарсан гэсэн тооцооллыг хийсэн. Мобайл интернэтийн трафик сард 180,000 терабайт байхад ярианы трафик 150,000 терабайт байна гэж тооцоолжээ.

Зарим оронд нэгээс илүү гар утастай байх нь энгийн үзэгдэл болжээ. Economist сэтгүүлд дурдагдсан доорх мэдээллээс харахад маш олон шалтгаанаар хоёр буюу түүнээс дээш утастай байдаг байна.
...Японд ажил хэрэгч хүмүүс ихэнхдээ хоёр утастай байдаг. Нэг нь ажилд, нөгөө нь гэр бүлийн хэрэгцээнд. Гэхдээ ихэнхдээ ажлын бус цагаар даргадаа баригдахгүй байхын тулд ажлын гар утас хэрэглэдэг. Моторолагийн судалгаанд Дундад Азийн нэгэн бизнесмэн ”Надад ажлын, гэр бүлийн, зугаацах, машиндаа хэрэглэх зорилгоор ашигладаг 4 ширхэг утас бий” гэсэн хариулт өгч байжээ. Латин Америкийн орнуудын хүн ам их ярьдгаараа алдартай, тэр ч бүү хэл зарим менежерүүд даргадаа таалагдахын тулд буюу даргыгаа хэзээ ч залгасан шууд холбогддог байхын тулд зөвхөн даргатайгаа холбоо барих зорилготой нэг илүү утастай явдаг аж...
.
Монголын нөхцөл байдлаас харахад зарим хэрэглэгч 2 гар утастай байх нь хэвийн үзэгдэл болжээ. Нэгийг нь ярих, нөгөөг нь дуудлага хүлээн авах, эсвэл мессеж бичихэд, эсвэл өөр өөр үүрэн холбооны операторуудын ярианы тарифын зөрүүгээс шалтгаалан хоёр утас хэрэглэдэг байж болох юм. Олон улс оронд албаны ба хувийн гэсэн 2 гар утастай байх тохиолдол нийтлэг байдаг. Монголын хувьд хүн амын тоо Тагнуулын төв агентлагийн (CIA) статистикт 2009 оны эцсийн байдлаар 3,041,142, гар утасны хэрэглэгчдийн тоо МШХХТГ-ийн мэдээгээр 2009 оны эцсийн байдлаар 2,249,023, интернэтийн хэрэглэгчдийн тоо (Internetworldstats.com) мэдээгээр 2009 оны байдлаар 330 мянга гэсэн тоон үзүүлэлтүүдээс харьцуулан авч үзвэл 3 хүний 2 нь гар утастай байхад 10 хүний 1 нь интернэт хэрэглэдэг байна гэсэн дүгнэлтэд хүрч байна.

Гар утсыг компьютер, эсвэл компьютер ашиглан интернэт хэрэглэхтэй харьцуулах аваас хамгийн гол ялгаа нь гар утастай хүн хаана ч явсан гар утсаа биедээ авч явах боломжтойгоос гадна хаана байгаагаас үл хамааран ямар нэг үйлчилгээ, бүтээгдэхүүнийг хүлээн авахад бэлэн байдаг. Харин компьютер нь заавал ч үгүй тогноос, эсвэл сүлжээнээс уяатай байх хэрэгтэй. Гар утсыг халаасандаа, хүзүүндээ, гарандаа, цүнхэндээ хийх гэх мэтээр ажил, гэр, сургууль, дэлгүүр, машинд, автобусанд, салхинд гарах, болзоонд явах, цаашилбал ариун цэврийн өрөөндөө ч ашиглаж болно. Нэгэн анд маань надад нэг сонирхолтой зүйл ярьж билээ. Тэрээр гэрийн утас дуугарвал гэрийнхнээсээ “хэн манай гэр лүү залгаж байгаа юм болоо?” гэсэн асуултыг өөрийн эрхгүй асуудаг болсон гэнэ. Гэрийн утас нь утасны шугамнаас холбоотой байдаг тул “байршил” руу залгаж байнаа гэж ойлгогдох болсон байна. Өөрөөр хэлбэл “гэрт байгаа хэн нэгэнтэй ярих хэрэгцээтэй үед л гэрийн утас руу залгаж байна” гэж ойлгоход болно. Харин гар утас руу залгахад байршил нь нэг их шаардлагагүй бөгөөд хэн нэгэн “хувь хүн” рүү залгаж байна гэсэн үг.

Тантай хамт байнаа гэдэг нэг хэрэг. Бас нэг чухал зүйл нь “бүх хугацааны туршид тантай хамт байдаг” явдал юм. Энэ нь та дуудлага, эсвэл мессеж ирэхэд “тэр дор нь хүлээн авах боломжтой” гэсэн үг.
Маркетингийн BDDOх агентлагийн 2005 оны 4 дүгээр сард дэлхийн өнцөг булан бүрийн 3000 орчим хэрэглэгчдээс авсан судалгаагаар

“Мобайл хэрэглэгчийн 60 хувь нь утсаа орон дотроо авч унтдаг”

гэсэн сонирхолтой дүн гарчээ. Зарим оронд шөнийн тариф хямд, эсвэл үнэгүй байдагтай холбоотойгоор шөнө болтол унтахгүй гар утастайгаа хүлээх тохиолдол их байдаг. Бельгийн нэгэн шашны сургуулийн судалгаагаар өсвөр үеийнхний ихэнх нь орон дотроосоо мессеж бичдэг гэсэн үр дүн гарчээ.

Морган Стэнлигийн 2007 оны нэгэн судалгаагаар гар утас хэрэглэгчдийн 91 хувь нь гар утсаа жилийн 365 хоног, 24 цагийн турш гар хүрэхүйц ойрхон газар байлгадаг гэсэн бас нэгэн сонирхолтой дүгнэлт гаржээ.

Хүмүүс гар утсаа ХЭНТЭЙ Ч дундаа хэрэглэхийг хүлээн зөвшөөрөх дургүй!!! Үүний нэг шалтгаан нь тухайн хүн гар утсаа “өөрийн болгосон” байдаг. Өнөөдөр бүх төрлийн гар утасны үйлчилгээг ашиглан бас түүнийг тэр бүр мэдэхгүй хүмүүс ч төрөл бүрийн арга хэрэгслээр гар утсаа “ЦОРЫН ГАНЦ” болгодог. Эхлээд моно дуугаралттай утасны хонхтой байсан бол одоо стерео дуугаралттай, хар цагаан дэлгэцтэй байсан бол өнгөт дэлгэцтэй болсон бөгөөд төрөл бүрийн зураг, дуу, тоглоом татсан байхаас гадна гар утасныхаа камераар өөрийн гэр бүл найз нөхдийн зураг, видеог бичсэн байдаг нь хүмүүсийн цорын ганц болгох боломжийг улам нэмэгдүүлж байна.

Wired сэтгүүлийн 2006 оны 4 дүгээр сард хийсэн судалгаагаар

“Америкчуудын 63 хувь нь гар утсаа хэнтэй ч хуваалцахыг хүсдэггүй”
гэсэн дүн гарчээ. Уг судалгаагаар гар утсаар хийх хайлтын орчим 20 хувь насанд хүрэгчдийн агуулгатай байдаг төдийгүй энэ нь дээрх гар утсаа бусадтай хувааж хэрэглэхийг зөвшөөрөхгүй байгаатай холбоотой гэж үзжээ. Үүнээс гадна утсан дээр хадгалагдаж буй мессеж, зураг, утасны жагсаалт зэргийг бусад хүмүүст харуулахыг тэр бүр хүсдэггүй нь харагджээ. Ялангуяа өөрийн танилуудын утасны жагсаалтыг өөр хүнд алдахаас ихээхэн болгоомжилдог тал ажиглагдсан байна.

Нокиа компанийн хийсэн нэгэн судалгаагаар:

“33 хувь нь утсаа хаяж үрэгдүүлснээс түрийвчээ хаясан нь дээр гэж үздэг” (Нокиа, 2006)

гэсэн дүн гарчээ. Мэдээллийн аюулгүй байдлын шийдэл, судалгаагаар мэргэшсэн Unisys компанийн нэгэн судалгаагаар түрийвчээ алдвал дунджаар 26 цагийн дотор, харин гар утсаа алдсан бол дунджаар 68 минутын дотор цагдаагийн байгууллагад мэдэгддэг гэжээ.
Гар утас зарим хүний хувьд цаг, зарим хүний хувьд сэрүүлэг, зарим хүний хувьд нүүр царайгаа хардаг толь ч байж магадгүй юм. FM радио, дижитал фото аппарат, видео камер, хөгжим, телевиз, газар зүйн байршил тогтоогч, газрын зураг, гэрэл гаргах гар чийдэн ч болж мэднэ.

Нокиа компанийн судалгаагаар:
“72 хувь нь гар утсаа сэрүүлэг байдлаар ашигладаг” Нокиа, 2006 он гэжээ.

Японы NTT Docomo компанийн хийсэн судалгаанд хамрагсдын 60 хувь нь гэртээ телевизор үзэх, эсвэл компьютераар интернэтэд холбогдсон байхын хажуугаар гар утасныхаа интернэтийг давхар ашигладаг гэсэн сонирхолтой үр дүнг нийтэлж байжээ.

Саяхан Compete вэбийн хийсэн судалгаагаар нийт смартфон хэрэглэгчдийн 74 хувь нь утсаа хувийн хэрэгцээнд ашигладаг гэсэн дүн гарсантай санал нэг байгаа төдийгүй Смартфон ч гэлтгүй бүх гар утсанд иймэрхүү чиг хандлага байна.

Эдгээр нь юуг хэлээд байна вэ? Та бид гар утас хэмээх авсаархан төхөөрөмжийг зөвхөн утсаар ярих төдийгөөр ойлгож түүнийгээ “гар утас” гэж нэрлэх болсон нь нэрнээсээ өргөн хэрэглээг бий болгож байгааг бидэнд хэлж байгаа бус уу. Ер нь “гар утас” гэж нэрлэх нь зохистой эсэх асуудал тавигдаж байна. Жишээ нь iPhone гэхээр нэг өөр сэтгэгдэл, Blackberry гэхээр бас өөр мэдрэмж төрж байгаа нь тухайн утасны үзүүлэлт, функцүүдийн онцлог, ялгаатай холбоотой болов уу. Ямар ч байсан гар утас нь өөрийн үндсэн үүргээсээ хавьгүй илүүг чаддаг болсон тул түүнийг тойрсон технологи, контент, харилцаа холбоо асар их. Тэдгээрийн хөгжлийн ирээдүйн чиг хандлага хааш чиглэх нь та бидний өмнө асуулт болон үлдэж байна.

No comments:

Post a Comment